Хэл солих:   English

Дэлгэрэнгүй

  1. Нүүр хуудас
  2. Түүх мэдэхгүй, боловсрол эзэмшээгүй учраас түүхэн дурсгалт байшингаа нураана гээд бүдүүлэг зан гаргаж байна.

Байгалийн түүхийн музей, Драмын театр, Дуурийн театр зэрэг бидний хувьд чухам яагаад соёлын үнэт зүйл болох вэ? Үнэхээр үнэт зүйл мөн бол бид хэрхэн хамгаалах ёстой талаар философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа. 

 Ярилцлагын эхэнд танаас үнэт зүйл гэдэг  юу юм гэж асуумаар байна? 

Үнэт зүйл маш олон. Үнэт зүйл дотор Үндсэн хууль, эрх чөлөө орно. Аав ээж орно. Мөн боловсрол, эрүүл мэнд, урлагийн бүтээл зэрэг орно.Өөрөөр хэлбэл мөнгө хөрөнгөөр хэмжиж болохгүй тэр зүйлсээ үнэт зүйл гээд байгаа юм. Түүнээс биш доллар, уул уурхай зэргийг үнэт зүйл гэж үзэхгүй. Бидний төрснийг гэрчлэх төрөх эмнэлэг, урлагт хөтөлж өгсөн драм, дуурийн театр, өмсөж эдэлж байсан зүйлсийг хадгалж буй түүхийн музей зэрэг  бол яах аргагүй бидний үнэт зүйл мөн. 

  Яагаад дуурийн театр, драмын театр, байгалийн түүхийн музей зэргийг  соёлын үнэт зүйл гэж үзэх ёстой вэ? 

Учир нь тэр барилга өөрийн гэсэн амьдралтай.  Тэр барилга дотор хүмүүс хийж бүтээж байсан түүхтэй. Байшин биш, байшинд ажиллаж, амьдарч өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлөж байсан тэр хүмүүсийн түүхийг тэр байшингаар илэрхийлж хамгаална. Дуурийн театрыг хамгаална гэдэг нь дуурийн театрыг анх байгуулсан хүмүүсийг, анхны жүжигчдийн хийсэн бүтээснийг хүндэтгэж буй хэрэг. Тэнд тэдгээр урлагийн бүтээлийн  амин сүнс бий. Түүнийг хамгаалж байна гэсэн үг. Хүний хийсэн бүтээснийг шүү дээ. Барилгыг ч гэсэн хүн барьсан. Тэгэхээр барилгыг ч бас хамгаалах ёстой. Биднийг юу ч хийгээгүй, юу ч бүтээгүй, юу ч хийж чаддаггүй болгож харагдуулах гэж энэ бүхнийг хийж байгаа. Ингээд залуу үед маань ярих түүхгүй болно.

Тэгвэл эдгээр түүхэн барилгуудыг хэрхэн хамгаалж үлдэх вэ? 

Европын орнууд бол удсан барилга, удсан музейг бүгдийг төрийн хамгаалалтад авдаг.  Нэг жишээ ярья л даа. Америкийн нэг философичийн байшин нь төрийн хамгаалалтад байдаг байж. Нэг удаа хадаас хадаад зураг өлгөх гэсэн чинь түүнд торгууль ирж. Яагаад гэвэл түүхийн дурсгалт, төрийн хамгаалалтад байдаг байшин учраас тэр. Зураг өлгөхдөө ч зөвшөөрөл авах ёстой. Бүүр будгийг нь өөрчилж будаж ч болохгүй. Тэгэхээр манайх ч бас Хэрвээ шинэ театр барих гэж байгаа бол өөр газар барьж болно. Түүхийн дурсгалт барилгуудад хэн дуртай нь халдахгүйгээр төрийн хамгаалалтад авах хэрэгтэй. Ингэж байж түүх соёл ярьдаг юм.

Ер нь яг юуг түүх, түүхэн дурсгалт зүйл гэж үзэх юм бэ? 

 Монголчууд бид  түүх соёлын тухай огт мэддэггүй хүмүүс. Хурим найр хийж байгаа, өмсөж зүүснээ л зөвхөн түүх соёл гэж ойлгоод байдаг. Эсвэл хэн нэг үлгэрийн баатарт итгээд түүнийг түүхэн хүн гэж мухраар сүсэглэдэг. Гэтэл Ном, урлагийн бүтээл, уран барилга, түүхэн үйл явдлыг гэрчлэх зүйлс. 

Жишээлбэл Германы Мюнхэн хотод “Эмэгтэйчүүдийн сүм” гэж байдаг. Тэр сүмийг тойроод 100м дотор түүнээс өндөр байшин барьж болохгүй.  Холоос тэр сүм харагдаж байх ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ. Засгийн газрын ордноо тойроод өндөр байшин барьчихсан. Уг нь хаанаас ч засгийн газрын ордон харагдаж байх ёстой юм.

Москвагийн жишээ байна. Хотын төвд байсан өндөр байшингуудыг нураагаад хотын зах руу барьж байсан. Одоо хотын захаараа өндөр шилэн гоё барилгууд нь бий. Хотын төвдөө Кремлийн музей зэрэг түүхэн барилгууд хэвээрээ байгаа. Кремлийн хажууд хэн ч өндөр барилга барьж болохгүй.

 Байгалийн түүхийн музейн барилгыг дөнгөж 50-60 жил болж байгаа барилга түүхэн дурсгал болохгүй гэж үзэх ч хүмүүс байна. Одоо барилгыг нураах эсэх асуудал шүүхийн маргаан үүсчихсэн байна. Үнэхээр энэ музейг түүхэн дурсгалт барилга юм гэж үзэх үндэслэл хэлээч? 

Байгалийн түүхийн музей хамгийн анх үндэсний түүхийн музей гэх нэртэй байсан. Дээр үед хэрэглэж байсан бүх эд хэрэгсэл соёлын бүтээлүүдээ тавьдаг. Энэ нь ердөө ганц үндэслэл нь. Үндэсний музейд юу тавигдах вэ гэвэл дээл  эсгий гэр, гэрт дотор хэрэглэж байсан тавилга хэрэглэл тавигдах ёстой. Энэ бол музей. Бидний шинэ үе тэндээс түүхээ харж суралцах ёстой. Ингээд бидний орчин үеийн маргаашийн амьдрал эхлэх ёстой. Түүх түүхээрээ үлдэж, бид түүхээ мэдэж цаашид хөгжиж түүх үлдээх ёстой. 

Аливаа ард түмэн түүхээ хэрхэн бүтээж хэрхэн цаашид дамжуулж байдаг юм бэ? 

Хүний хийсэн бүтээсэн бүхэн түүх. Дэлхийн түүх гэхэд сонгодог урлаг, сонгодог зохиол бүтээл уран зураг гээд олон зүйлсийг нэрлэж болно. Тэгээд хамгийн энгийндээ өөрсдөө яаж бий болсон, ямар хөгжлийн шат дамжсан зэргээ шинэ үедээ заах ёстой. Тухайлбал Улаанбаатар хот хэзээ дулааны шугамтай болсон юм, хэзээ дуурийн театр бий болсон юм хэзээ урлагт хөл тавьсан юм, тэр дуурийн театр драмын театр ямар түүхтэй юм, тэр музейн үзмэр ямар учиртай юм энэ бүхнийг түүхийн хичээлээр заах ёстой.

Германы Берлин хотод ерөнхий боловсролын сурагчдыг түүхийн багш нь хотоор дагуулж явж бүх байшингуудаа тайлбарладаг. Өөрөөр хэлбэл тэнд хүүхдүүд түүхийн хичээлээр хоттойгоо, түүхэн дурсгалт барилгатайгаа танилцдаг. Аливаа ард түмэн хийсэн бүтээснээ үргэлж хамгаалж явах ёстой. Манайх Улаанбаатар хотод байгаа төрөх эмнэлгүүдийг ч нурааж болохгүй. Хэрэв нураавал тэнд төрсөн хэдэн мянган хүний түүхийг устгана гэсэн үг.  Энэ бол гэмт хэрэг. 

Монгол улсын ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан музейгээс эхлээд нурааж эхэлж байх шиг байна. Хамгаалж үлдэж чадах болов уу?

Орчин үеийн монгол хүн цаг үеэсээ хэтэрхий хоцрогдчихоод байна гэдэг нь түүхэн барилгуудаа нураах гээд уриалж байгаагаас л харагдаж байна. Ямар их мухар сүсэгтэй ямар их бүдүүлэг хоцрогдсон гэдгээ харуулж байна.  Эцсийн эцэст тэр барилгуудыг нураагаад оффис барьж мөнгө олох гэж байгаа нөхдүүдийн л шуналт үйлдэл шүү дээ. Ядаж тэдгээр нь ямар ч гоо зүйгүй, архитектурын шийдэлгүй. Зайсан л гэхэд нэг талд нь үнэтэй тансаг хаус байхад нөгөө талд нь хүүхдийн цагдан хорих байж байх шиг. Гаднынханд үзүүлэхэд ичмээр. 

Өнөөдөр монгол хүн хүний нийгэмд байх ёстой бүхэн харагдахгүй байна. Ядаж түүхээ мэдэхгүй үлгэр домогтойгоо зууралдаад л сууж байна. Монголчуудад түүхийн боловсрол дутагдаж байна. Гол нь боловсрох л хэрэгтэй. 

Trends.mn 2019.10.09

Шэйрлэх: